Khaаnmed эмнэлгийн уламжлалт эмчилгээ

Уламжлалт Анагаах Ухааны кабинет нь УАУ-ны эмнэлзүйн удирдамж стандартын дагуу амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Монголын УАУ-ны “Язгуурын үндэс”-д хий, шар, бадган буюу 3 махбод, 7 тамир, 3 хир харьцангуй тэнцвэртэй байвал дүр эс урвасан буюу бие эрүүл оршино гэж заасан байдаг. Дүр урвасан буюу өвчин гэдэг нь гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр эдгээрийн харьцангуй тэнцвэрт байдал алдагдах зүй тогтол юм. Өвчнийг үүсгэх ерөнхий шалтгаан нь уур, мунхаг, шунал тачаангуй зэрэг сэтгэлийн 3 хор юм.
“Анагаах ухааны дөрвөн үндэс” судрын Номлохуй үндэст “Хамаг амьтан амгалан орших бөгөөд явдал мөр нь ч бас амгалан бол мунхаг төгөлдөр өвчнөөс хагацах нь хол биш” гэж номлосон байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл амгалан байх нь эрүүл байхын эх үндэс бөгөөд хамгийн дээд жаргал юм.
Хүний биеийн аливаа нэг өвчин бол зөвхөн тухайн эрхтний эмгэг биш, бүх биеийн дотоод орчны эмгэг буюу биеийг бүхэл бүтэн цогц гэж авч үздэг нь дорно дахины анагаах ухааны өвөрмөц онцлог юм. Дорно дахины анагаах ухаан хүний эрүүл байлгах зарчмыг дараах байдлаар томьёолсон байдаг. Үүнд:
- Сэтгэл амар амгалан байх
- Зөв хооллох
- Бие хэл сэтгэлийнхээ үйлийг биеийн өвөрмөц чанар, нас, цаг улирлын онцлогт тохируулах
- Идээ ундаа, явдал мөрөө биеийн өвөрмөц чанар, нас, цаг улирлын онцлогт тохируулах
- Зөв унтаж амрах
- Хүрээлэн байгаа орчны нөлөөлөл эерэг байх
- Махбод тэгш байх эдгээр зарчмыг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадвал өвчингүй эрүүл байх тухай заажээ

Уламжлалтын анагаах ухааны тухай товч баримт
Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бүтээсэн байгалийн эмчилгээний арга технологи гэж өмнө дурдсан. Байгалийн эмчилгээг дэмждэг хүн амын хувь Бельги, АНУ, Австрали, Франц, Канадад тасралтгүй өсч буй судалгаа бий. Сүүлийн 20 жилд байгалийн эмчилгээ барууны хөгжингүй орнуудад эрэлт ихтэй болжээ. Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Түвд зэрэг улсууд төрийн бодлогоороо дэмжүүлэн, өөрсдийн уламжлалт анагаах ухааныг экспортод чиглэсэн эдийн засгийн салбар болтол нь хөгжүүлээд байгаа юм.
Уламжлалт анагаах ухааны талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа бий. Ужиг өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны аргыг түлхүү ашиглах, албан ёсоор эрүүл мэндийн системд нэвтрүүлэх, гүнзгийрүүлэн судлах зөвлөмжийг ДЭМБ-аас 2000 онд гаргаж байж. “Ужиг өвчнөөс сэргийлэх нь амин чухал хөрөнгө оруулалт” гэсэн тайландаа энэ талаар дурдсан байдаг аж. “Эрүүл мэндийн зардлын 80 хувь нь архаг өвчний эмчилгээнд зарцуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд зарцуулсан мөнгө ирээдүйн эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулахад чухал хөрөнгө оруулалт болно” хэмээн ДЭМБ тайландаа онцолжээ. Бүр тодруулж хэлбэл ирээдүйд архаг өвчтэй хэрэглэгчдийн гол сонголт нь байгалийн эмчилгээ гэсэн үг.
Уламжлалт анагаах ухааны салбар 1937-1959 оны хооронд бүрэн устаж хориотой болсон гашуун түүх өнгөрсөнд бий. 1973 оноос эрчимтэй сэргээж эхэлжээ. Одоогоор Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар УИХ-аас 1999 онд баталсан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлого болон 2015 он хүртэл баримтлах үндсэн чиглэл гэж бий. Төр засгаас ингэж анхаарсан ч бодлогын хүрээн дэх бодитой дэмжлэг өнөөдрийг хүртэл үгүйлэгдсээр байгаа. Эмийн ургамал, эм танг олон улсад зөвшөөрөгдөхүйц чанар, стандарттай болгох, лицензжүүлэх, эмийн ургамлын нөөц ихтэй газар нутгийг тусгай хамгаалалтад авах, цаашдаа тарималжуулах гэх мэтэд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж уламжлалт анагаахынхан онцолдог.
Уламжлалт анагаахын тангуудын талаарх мэдээлэл хангалттай бий. “Ноёны уудаг норов дүнтэн” гэгдэж асан “Норов 7” гэж танг гэхэд л ноёд л ууж, биеэ тэнцвэржүүлдэг байжээ. Энэ танг 404 өвчнийг анагаах увидас чадалтай, дархлааг сайжруулж, хүнийг залуужуулах үйлчилгээтэй хэмээдэг.